Friday, March 9, 2012

Вансэмбэрүү


Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам гүм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон сүйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо мөндрөөрөө унадаг
Зуурам хөлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэрүү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал хөлдүү царманд
Хосын хүчинд амилдаг байна!
Даян уул
 


*Отгонтэнгэр уулын баруун гарт Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд орших далайн төвшнөөс дээш 2908м-н өндөрт өргөгдсөн урд хойд Даян хэмээх хоёр оройтой сүрлэг нуруу, мөргөлчдийн уламжлалт өргөлийн газар бөгөөд хэд хэдэн овоотой. 

Очирваань бурханд мөргөх хүмүүс голдуу энэ уулан дээр гардаг учиртай. Эндээс дөрвөн зүг найман зовхис алган дээр мэт харагдана. Монголчууд эртнээс нааш "Даян дээрээс дэлхий харагдана" гэж цэцэлсээр иржээ. Даян дээр гарч Очирваань хайрханаа харсан хүний хийморь сэргэж тэр жилдээ ажирдаггүй гэлцдэг. Эндээс өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, мөн нууруудыг харж болно. Уул өөд өгсөх тусам мод нь намхан болж хөх асгууд хөндөлдөн явахад бэрхтэй болно. Сибирийн тошлог, ямаан сэрдэг, хурган засаа, алтан гагнуур, далан хальс, ханлин, балжингарав зэрэг ховор эмийн ургамлууд олноор ургана. Мөн энэ уулын оройд Вансэмбэрүү цэцэг* ургадаг. /* - Вансэмбэрүү гэдгийг үзнэ үү/

Даян уулын асга хадтай өндөр хярыг мацсаар оройд нь гарахад засаад тависан идээ мэт аварга том цохио дүнхийж, хадаг яндар болсон овоо, түүний цаанаас Отгонтэнгэр хайрханы зулай харагдана. 

Эндээс өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, мөн нууруудыг харж болно. Түүнчлэн энд өндөр уулын бүсийн ургамлын аймгийн төлөөлөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг харуулж чадахуйц олон зүйлийн ургамал ургана. 

*Эх сурвалж  Т.Батчулуун
АЛДАРХААНЫ БАЙГАЛИЙН УРЛАН
Богдын гол


 Отгонтэнгэрийн ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон, хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Өндөр уулын байгалийн байдал, мөлийсөн оройтой уул нурууд болон олон тооны нуур зэрэг нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унах нь эндээс эх авдаг олон голуудын ундрагын гол эх үүсвэр болно.

Отгонтэнгэр уулаас олон гол эх авч урсдагийн дотор хамгийн алдартай Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь баруун Монголын томоохон нууруудыг тэтгэдэг Завхан голд цутгадаг.

Отгонтэнгэр
 


Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэж 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг.

Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь тахилын найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй.

Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага нуурын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ.

Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ.

Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдах агаад энэ уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ.